Content

Blogger Widgets

Киноны төрөлүүд


Драм
Драм кинонд бүхий л төрлийн амьдрал дээр болж болох энгийн болон ер бусын үйл явдал дээр реалист дүрүүд хэрхэн хандаж байгаа тухай өгүүлнэ. Мелодрам нь ихэвчлэн хайрын тухай үзүүлсэн байдаг юм. Ер нь ихэнх киног драм гэсэн жанрт хамруулж болох юм. Намтрын чанартай кинонууд нь том дэд жанр нь юм.
Тулаант (Action) кино
Action кино нь ихэвчлэн дэлбэрэлт, зогсолтгүй эрчимт үйл явдлууд, адреналин ихэсгэх хөөцөлдөөн, буу шийдэм, зодоон цохион ихтэй үзэгчдийг огшоохын тулд хийгдсэн кинонууд байдаг. Үндсэн салбар жанр нь сүйрлийн кинонууд юм. Сүйрлийн кинонууд нь байгалийн (газар хөдлөлт, үер, хар салхи) болон хүний үйл ажиллагаатай холбоотой (онгоц, усан онгоц, галт тэрэгний сүйрэл) үйл явдлыг дүрсэлдгээрээ онцлог юм. Мөн гол дүрийн баатар эцэст нь ихэвчлэн бүгдийг аварч дуусна.
Адал явдалт кино
Адал явдалт кинонууд нь Action кинотой их төстэй юм. Гэхдээ ямар нэг хүчтэй үйл явдал гардаггүй атлаа адал явдалт төрөлд хамаарах кинонууд байдаг юм. Уламжлалт адал явдалт кинонд эрдэнэс, алдагдсан арал, ямар нэг нууц зүйлийг тайлах гэсэн адал явдалд дуртай баатрууд гарна. Робин Хүүдийн адал явдал (1938)Тарзан мичин хүн (1932) зэрэг нь сонгодог жишээ юм.
Инээдмийн кино
Комеди нь хүмүүсийг инээлгэж, хөгжөөхийн тулд хийгдсэн кинонууд юм. Ямар зүйлээр хүний инээд хүргэх нь хэдий өөр өөр ч энэ жанр нь маш амар тодорхойлж болдог жанруудын нэг юм. Инээдмийн кинонд бусад төрлийн жанрын хольц орсон байх нь элбэг байдаг. Мөн энэ жанр нь дотроо маш олон төрлийн салбар жанртай юм. Эдгээр нь англиар бол slapstick, screwball, satire, spoof, dark comedy, romantic comedy, gross-out, parody гэх мэт байдаг юм.
Туульсийн болон түүхэн кино
Туульсийн кино нь нүсэр хийцтэй, цаг хугацааны хувьд өнгөрсөнд ихэвчлэн үйл явдал нь болдог түүхэн болон намтарчилсан кинонууд байдаг. Туульсийн киноны сэдэв нь нилээн сүрлэг, нэр хүндтэй байх тусмаа хүмүүст илүү хүрдэг. Энэ нь ямар нэг орны хэдэн арав болон хэдэн зуун жилийн түүхийг харуулсан, дайны тухай, домгийн болон ямар нэг том хэмжээний романы дэлгэцийн хувилбар байх нь элбэг. Туульсийн кинонууд нь ихэвчлэн удаан (3 цаг орчим) үргэлжлэх нь бий.
Мюзикл
Хөгжимт кино буюу мюзикл гэж драмт үйл явдал дундаа дуу, бүжиг, хөгжмийг хослуулсан кинонуудыг хэлнэ. Том дэд жанр нь хөгжимт инээдмийн кино (musical comedy) юм.
Үлгэрийн (Fantasy) кино
Хүүхэлдэйн кинонуудыг эс тооцвол олон үлгэрийн кино бий. Мэдээж домог, үлгэр дээр сэдэвлэсэн кинонуудаас гадна ямар нэг бодит амьдрал дээр байж боломгүй гайхалтай гэмээр үйл явдлууд гарах кинонуудыг энэ төрөлд хамааруулдаг.
Зөгнөлт кино
Зөгнөлт киноны үйл явдал ихэвчлэн ирээдүйд өрнөнө. Эсвэл ямар нэг шинжлэх ухааны ололт нь одоо цагт ямар нэг сонин хачин үр дүнд хүргэж буй тухай ч харуулсан байж болно. Ихэнх нь зөгнөлт кино нь шинжлэх ухааны ололтыг үл хайхарсан зүгээр fantasy кинонууд байх нь элбэг. Мөн зарим зөгнөлт кинонууд нь харь гаригийнхан, цөмийн туршилтаас болж үүссэн янз бүрийн мангас зэрэг гардаг тул амархан аймшгийн киноны ангилалд багтах нь бий.
Дайны кинонууд
Хүн төрөлхтөний түүхэн дэх ямар ч дайны тухай өгүүлсэн киног энэ жанрт оруулж болно. Гэхдээ 20-р зуунаас өмнөх дайны тухай кинонуудыг ихэвчлэн түүхэн кинонд оруулж үзэх нь элбэг байдаг. Дайны тухай кино нь ихэвчлэн дайныг эсэргүүцсэн агуулгатай байх нь бий. Дайны тухай кинонд цэргийн сургууль, бэлтгэлийг харуулж бас болно. Энэ төрөл нь бусад төрлүүдтэй ихэвчлэн холимог байдлаар тавигддаг.
Аймшгийн
Аймшгийн буюу Horror жанрын кино нь хүмүүст айдас төрүүлэх зорилготой кино юм. Бидэнд хар дарсан зүүд мэт мэдрэмжийг төрүүлэхийнхээ хажуугаар бидний киноноос авах ёстой хэрэгцээг дарах нь бий. Horror кино нь ихэвчлэн хүмүүсийг шоконд оруулам төгсгөлтэй байдаг. 1920-иод онд анх гарч ирсэн энэ жанр нь маш олон янз хэлбэртэй болон хөгжжээ. Триллер кино нь хамгийн том дэд жанр бөгөөд зарим тохиолдолд драм тал руугаа орох нь бий.Германд аймшгийн кино 1920-иод онд экспрессионизмыг дагуулан гараагаа хийсэн бол, АНУ-д 1930 оны эхэн үеийг хоррор жанрын алтан үе гэж нэрлэдэг. Гэвч америкт 1920-иод онд ч сайн аймшгийн кинонууд хийгдэж байсан юм. Аймшгийн жанрын гол найруулагч Тод Браунинг 1923 онд Квазимодо киногоо хийсэн нь тухайн үедээ тун ч шуугиан тарьж байв. ”1000 төрхтэй хүн” хэмээн алдаршсан Лон Чейни дүрээ баяжуулахын тулд төрөл бүрийн санаа эрэн хайдаг жүжигчин байсан бөгөөд Браунингийн олон кинонд тоглосон юм. Тухайлбал Квазимодогийн бөхийг хийхийн тул тэрээр 30 кг хөвөн зарцуулсан гэдэг. 1931 оны Дракула кинондоо Браунинг Бела Лугоси хэмээх Трансильван гаралтай жүжигчнийг тоглуулсан явдал асар их амжилт олж байжээ. Дашрамд хэлэхэд Бела Лугоси 1956 онд нас барахдаа хүртэл вампирын хувцастайгаа байсан гэдэг. 1932 оны Гажгууд кинондоо тахир дутуучуудыг тоглуулсан нь аймшгийн бус маш өрөвдмөөр хувь тавилантай хөөрхийчүүдийн тухай бүтээл болсон юм.
1931 онд Жэймс Уэйл хэмээх Английн найруулагч Америкт зохиолч Мэри Шеллигийн алдарт Франкенштейн-ээр кино хийсэн байна. Жэймс Уэйлийн Франкенштейны Сүйт Бүсгүй (1935) кино нь өмнөх киноны тун сайн үргэлжлэл болжээ.
Мелодрам
Дэлхийн киноны салшгүй нэгэн хэсэг болох мелодрам төрлийн кино нь гараагаа 1910-аад оны үед алдарт Мэри Пикфордын тоглосон бүтээлүүдээр эхэлжээ. Тухайн үеийн америк бүсгүйчүүдийн цэвэр нандин чанар, тэдгээрийн золгүй дурлалын түүх богинохон хугацаанд үзэгчдийг эзэмдэн, асар их ашиг олох арга болов. Ихэнхдээ эдгээр нь загвар болсон арга барилтай, эмэгтэй үзэгчдэд зориулагдан хийгдсэн кинонууд байлаа. Зарим шилдэг найруулагч нар ажлын гэрээ, кино компанийн төлөвлөгөө зэргээс хамааран заримдаа энэ төрлөөр кино хийхэд хүрч байв. Ингэж хийгдсэн бүтээлүүдийн дотор 1932 оны Тэй Гарнетын найруулсан “Мухардалт“ киног дурьдах хэрэгтэй. Цаазаар авхуулах ялтан болон томуу өвчтэй охин хоёрын дурлалын түүхийг хэт нялуун бус энгийн маягаар өгүүлсэн нь энэ киноны онцлог юм. Мелодрам киноны агуу од болох Бетт Дэвис энэ төрлийн хэд хэдэн алдартай кинонд тоглосноос анхных нь Арчи Маё-ийн найруулсан “Чулуужсан Цэцэрлэг” (1936) байсан юм. Энэ төрлийн хамгийн алдартай бүтээлүүдээс ганц нэгийг дурдвал Майкл Кёртизын (1888-1962) 1939 оны Хатан хаан Елизавет болон Эссексийн вангийн хувийн амьдрал, 1942 оны Касабланка, Уильям Уайлерын Жезебель (1938), Салхит өндөрлөг (1939) зэргийг нэрлэж болно.
Вестерн
Ихэвчлэн 1850-1920 он хүртэлх Америкийн баруун өмнөд мужуудад өрнөсөн ковбойчуудтай холбоотой үйл явдлыг харуулсан кинонуудыг энэ жанрт хамруулна. Энэ жанр нь Холливүдийнхний гаргаж ирсэн хамгийн том, хамгийн хөгшин жанрын нэг юм. Уэстерн жанрыг таних их амархан. Ковбойчууд, гар буу, Индианчууд, цөл дэх тоост тосгод хотууд гэх мэт нь энэ жанрын салшгүй элемент юм. Он цаг улирах тусам энэ жанрыг дахин сэргээж, өөр байдлаар тавьж, нэг хэсэг мартаж, дахин цоо шинэ байдлаар гаргаж ирсээр байсан юм.
1910-аад оны эхээр Америкийн киночид  өөрийн орны түүхийг сонирхож, тухайн үед “зэрлэг” гэгдэж байсан Баруун хязгаарыг товхинуулах, Индиануудтай хийсэн тэмцэл, ”алтны халуурал”, 1864 оны иргэний дайн зэрэг сэдвийг хөндсөн бүтээлүүд туурьвиж эхлэв. Far West буюу western хэмээн алдаршсан энэ төрөл нь гараагаа бүр 1903 онд Эдвин Портерийн Их галт тэрэгний дээрэм (The Great Train Robbery) киногоор хийжээ. Дэлхийн анхны ковбой болон гангстер кино гэгддэг энэ бүтээл нь  дэлгэцнээс үзэгчид руу буудах, морьтой хөөцөлдөх зэрэг драматургийн шийдлүүдийг анх удаа хэрэглэсэн юм. 1915 онд Томас Айнс (1882-1924) суут Дэвид Гриффиттэй хамтран Triangle кино компани байгуулан вестерн киноны анхны баатар болох Рио Жим хэмээх шударга сайн эрийн тухай цуврал хийжээ. Вестерн киноны гарамгай мастер болох Жон Форд Төмөр хүлэг нэртэй Өрнө зүгт төмөр зам тавьж буй тухай  киногоо 1924 онд хийж дэлхийд нэрээ цуурайтуулсан.Жон Фордын 1939 оны Өртөө Тэрэг, 1946 оны Хууль Завхруулагчдын Хот,1948 оны Апач бэхлэлт, 1950 оны Рио Гранде, 1956 оны Эрэл зэрэг кинонууд нь вестерн киноны загварыг тодорхойлж, аль ч орны үзэгчдийг эзэмдсэн сонгодог бүтээлүүд болжээ. Кино судлаачид уг төрлийн загварыг тодорхойлон, үндсэн 7 сэдвийг ялгажээ. Үүн дотор:
1. Өрнө зүгт хийсэн их нүүдэл - Өрнө зүгийг товхинуулсан нь (1962)
2. 1848-1852 оны Калифорнийн “алтны халуурал” - Үл таних морьтон (1982) - Клинт Иствүд
3. Өрнө болон өмнөд хязгаарын товхинуулалт - Их үд (1952) – Фред Циннеманн
4. 1860-69 оны төмөр зам, болон холбооны угсралт – Төмөр хүлэг (1924) – Жон Форд
5. Өрнө зүгээс гарсан малын туувар - Улаан мөрөн (1948) – Ховард Хоукс
6. 1861-1865 оны Иргэний дайн - Сайн, муу, хэрцгий (1966) - Сержио Леоне
7. Индианчуудтай хийсэн тэмцэл - Апач бэхлэлт (1948), Эрэл (1956) - Жон Форд зэрэг юм.
1950-аад оны сүүлээр вестерн киног сонирхох явдал багасч эхлэхэд Италийн найруулагч Сержио Леоне Атга Доллар (1964), Өндөр Хөлс (1965), Сайн, муу, хэрцгий (1966) зэрэг цуврал киногоо хийн энэ чиглэлийг дахин сэргээсэн билээ. ”Шпагетти вестерн” хэмээх төрлийн анхдагч болсон энэ 3 бүтээлд Клинт Иствүд тоглон алдаршжээ. 1960-аад онд Вестерн жанрыг дахин сэргээсэн хүн бол Сэм Пэкинпа юм. Түүний Зэрлэг бүлгэм (1969) кино нь хүчирхийллийг яруу найраг болгосноороо алдартай юм.
Америкийн Кино Академиас хамгийн олон шагнал хүртсэн вестерн бол Кевин Костнерийн найруулсан Чонотой Бүжиглэгч юм. Оскарт 12 номинациар нэр дэвшсэн энэ бүтээл 7 Оскарын шагнал хүртжээ.
Гэмт хэрэгт (Gangster or crime)
Америк киноны нэгэн чухаг, бараг үндэсний онцлогтой гэж хэлж болох төрөл бол криминал буюу гангстер кино юм. Гэмт хэрэгтэй холбоотой кинонууд нь ихэвчлэн мафи, банк ухагчид, дээрэмчин, хулгайч, алуурчдын талаар өгүүлдэг юм. Ихэнх детектив болон нуар кинонууд (film noir) нь гэмт хэргийн кинонууд байдаг. гэмт хэрэгт киноны Салбар жанр нь цуврал аллага хийгчдийн тухай кино.
Дуугүй киноны үед Жозеф фон Штернберг Нууц Бүлэглэл (1927) киногоороо энэ төрлийн суурийг тавьжээ. Эл Капоүн, Жон Диллинжер, Лаки Лучиано зэрэг домогт гангстеруудын шуугиан тарьсан амьдрал нь энэ төрлийн киноны гол сэдэв болж байсан юм. Анхны дуутай гангстер кино Мервин Ле Ройгийн Эрхийн Чинээ Цезарь (1930) кино хийгдсэн нь нэгэн дээрэмчдийн бүлгийн ахлагчийн амьдрал, түүний тэмцэл болон үхлийг харуулсан бүтээл байлаа. Энэ киноны гол дүрд алдарт Эдвард Робинсон тогложээ. Ховард Хоуксийн 1932 оны Сорвит кино нь Эл Капоүны амьдралаас санаа авсан гэдэг. Баян тансаг зоогийн газар, казино, баячуудын хороололд өрнөж буй үхлийн тэмцэл нь үзэгчдийг маш ихээр татаж чадаж байлаа.
Эдгээр кинонуудын эршүүд, зоригтой баатрууд нь хичнээн их амжилтанд хүрсэн ч эцэст нь тэд нараас илүү зоригтой, илүү хэрцгий хүмүүс гарч ирэн тэдгээрийг устгана. Утгагүй энэ аллагыг шүүмжилсэн бүтээлүүд мэдээжийн хэрэг байсан. 1931 оны Уильям Уэллманы Нийгмийн Дайсан кино нь гудамжинд өссөн балчир хүү хэрхэн гэмт хэргийн замд орж буйг харуулжээ. 1938 онд Майкл Кёртиз Халтар сахиусан тэнгэрүүд кинондоо гэмт хэрэгт амьдралаасаа ангижрахыг хичээж буй дээрэмчнийг дүрслэн, түүний бүтэлгүй тэмцлийг буруушаажээ.
“Нийгмийн ялзрал, авилга зэрэг нь гэмт хэргийн гол шалтгаан мөн” гэсэн ойлголт төрснөөс хойш америкчууд энэ байдалтай тэмцэн Төлөв Байдлын Хороо гээчийг байгуулж гангстер киног дэлгэцэнд гаргахыг хориглохыг шаардаж байжээ. Линдбергийн балчир хүүгийн үхэл, Koch & Company компаниас гэгээн цагаан өдөр 1 сая доллар дээрэмдсэн зэрэгт уг жанрын кинонуудыг буруутгаж байв.
Фильм нуар
Гэрэл сүүдрийн контраст ихтэй бараан зураглалтай, гутранги агуулгатай эдгээр кинонууд ихэвчлэн эмгэнэлтэйгээр төгсдөг. Фриц Ланг, Билли Уайлдер тэргүүтэй Европын дүрвэгч Экспрессионистууд 1940-өөд оны эхнээс Холливүдэд детектив романууд дээр сэдэвлэн иймэрхүү тусгайлан ялгагдахуйц кинонуудыг хийж эхэлснийг Францын шүүмжлэгчид хар (noir) кино гэж нэрлэсэн нь энэ юм.
Дайны дараагаар Холливүдэд бодит реалист чанартай кино сонирхол татаж эхэлсэн бөгөөд, хамгийн сонирхолтой нь эдгээр нь дайны сэдэвтэй бус криминал, гангстер төрлийн бүтээлүүд байлаа. Гэхдээ төрөл жанрыхаа арга барил болох: 1 - Гэмт хэргийн үйлдэл, 2 - Цагдаа болон мөрдөгч нарын уйгагуй эрэл хайгуул, 3 - Буруутанг илрүүлэх зэрэг хууль шахуу болсон загваруудаа өөрчилж эерэг ба эсрэг талын баатруудын хоорондын ялгааг арилган, илүү гүн бодролын шинжтэй болсон нь онцлог юм.
Нуар кино нь ер нь бүхэлдээ хар цагаан хальсан дээр зургийг нь авсан, харанхуй, гэрэл сүүдрийн гайхалтай тоглолтоороо ялгардаг бөгөөд орчин үеийн өнгөт noir кинонуудыг бид неонуар, модерн нуар, эсхүл пост-нуар гэж ялгах нь бий. Нуар кинонд нөлөөлсөн кинонууд дунд Германы экспрессионист кинонууд, 1930-аад оны хар бараан шинжтэй гэмт хэргийн кинонууд ордог.
Нуар киноны эсрэг талын баатрууд харгис, өөдгүй зан чанартай, гэмт хэргийн ертөнцийн бичигдээгүй хуулиудыг санааны зоргоор зөрчдөг эрэгтэйчүүд зарим тохиолдолд хорлонтой тооцоотой эмэгтэйчүүд (femme fatale) байдаг. Гэвч нуар төрлийн онцлог бол эдгээрийг гол баатруудын нэгэн адилаар үзэж, тэдгээрийн үйлдлийг тайлбарлах гэж (ялангуяа сэтгэл санааны талаас) оролдсондоо оршдог.
Нуар кинонд олны толгойд бат хадагдсан эсрэг болон эерэг дүрүүдийг маш сонирхолтойгоор өөрчилж, “эсрэг талын” төлөөлөгч нарын загвар болсон арга барилаас зайлсхийсэн байна. Эерэг талыг төлөөлж буй баатрууд нь чанарын хувьд эсрэг талаасаа нэг их ялгаатай бус байлаа. Цагдаа нар нь харгис хахир эсвэл дээрэмчдээс авилгал авах дуртай, туниа муутай хохирогч нар нь эцэс сүүлдээ нарийн тооцоотой этгээдүүд болон хувирч бодож төлөвлөсөн хэргээ гүйцээдэг. Холливүдийн алдарт одууд болох: Мэри АсторЛорин БэколлБарбара СтэнвикРита ХэйвортЛана ТёрнерВероника Лэйк мэтийн гоо бүсгүйчүүд ийм л дүрд тоглон алдаршжээ. Гэмт этгээдүүдтэй тэмцэл өрнүүлж буй гол дүрийн баатар ихэнх тохиолдолд хал үзэж хашир суусан хувийн мөрдөгч болон цэргээс халагдсан нэгэн байдаг. Өдөр тутмын талхны мөнгө олох ажлаас залхан төвөггүй олдох олзны төлөө тэрээр гэмт хэрэгтнүүдтэй адил арга хэрэглэхээс үл татгалзана.
Филлип Марлоу, Сэм Спэйд, Майк Хэммер зэрэг эршүүд мөрдөгч нар бол Рэймонд Чандлер, Дэшиелл Хэммет нарын алдарт детектив зохиолуудын баатрууд юм. Нуар кино нь энэхүү детектив зохиолууд дээр тулгуурлан гарч ирсэн гэж хэлж болно. Хамгийн анхны нуар кинонуудад Борис Ингстерийн Гуравдугаар давхрын үл таних хүн (1940) ба Жон Хюстоны Мальтийн шонхор (1941) хоёрыг тооцож үзэх нь бий. Дэшиелл Хэмметийн сонгодог детектив зохиол дээр сэдэвлэсэн Мальтийн шонхор киноны Сэм Спэйдын дүрд Хэмфри Богарт тоглодог. Мэргэжлийн өндөр түвшний судлаач нар хүртэл тодорхойлж үл чадах асар их зөрчилтэй энэ дүрүүдийг Хэмфри Богарт, Роберт Монтгомери, Гленн ФордРоберт МитчумДик Пауэлл зэрэг алдарт одууд амилуулж олон үеийн жүжигчдийн үлгэр дууриал болсон юм.
Жон Хюстоны 1948 оны Ки Ларго, 1950 оны Цардмал ширэнгэ хоёр нь найруулагчийн өөр нуар жанрын кинонууд юм. Хүний амийг егүүтгэхдээ сахлын хутгаар хоолойг нь огтлох, чулуу бутлагч машин руу шидэх, цахилгаан шатаар бяц дарах, тэргэнцэртэй тахир дутуу хүнийг шатнаас түлхэх гэх мэтийн хэрцгий үзэгдлүүд анх нуар кинон дээр л гарч байсан юм. Энэ бүхэн нь тухайн үед шуугиан тарьж байсан аймшигт аллагуудаас санаа авчээ. Хамгийн нэртэй нуар кинонууд гэвэл Билли Уайлдерын Давхар Даатгал (1944), Отто Премингерийн Лора (1944), Эдгар Ульмерын Тойруу зам (1945) Ховард Хоуксийн Их нойрсолт (1946) Чарльс Видорын Гильда (1946), Жозеф Льюисийн Галзуурал (1949) Николас Рэйн Гансармал нутагт (1950), Фриц Лангийн Их халуурал (1953) Роберт Элдричийн Үхтэл минь үнс (1955) зэрэг бүтээлүүд орно. Иймэрхүү харгис чанарын кино үзэгчдийн асар их сонирхол татаж байсан гол шалтгаан нь тэр үед хоёрдугаар зэргийн цаасан дээр хэвлэгдэж, олны хүртээл болохуйц хямд үнээр борлуулагддаг “pulp fiction” хэмээх детектив зохиолууд модонд орсон явдалтай холбоотой. Орсон Уэллсийн Хорлолт санаачлага  (1958) нь жинхэнэ ёсны нуар кино бөгөөд Иргэн Кэйн (1941) нь “нуар маягийн” (noirish) кинонд тооцогддог юм.
Нуар кинонууд нь 1940-1959 оны хооронд Америкт хүчээ авч байсан юм. Нуар киноны нөлөөлөлд автсан кинонуудыг Европ, Британид олон хийж байсан юм. Үүний нэг сонгодог жишээ нь Кэрол Ридийн Гуравдагч хүн (1949) юм. 1970-аад онд энэ төрөл дахин сэргэсэн юм. Noir төрөл нь кино урлагт баттай байр суурь эзэлж одоог хүртэл хийгдэж байгаагийн тод жишээ нь Роман Поланскийн Хятад хороолол (1974), Кёртис Хэнсоны Лос Анжелесийн Нууц (1997) ах дүү Коэн нарын Миллерийн гарам (1990) зэрэг кинонууд юм.

Contact Form

Name

Email *

Message *